Мессеж Библийн Тухай

Библийг Англи хэл рүү хөрвүүлсэн 100 гаруй орчуулгууд байдгаас нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эх бичвэртэйгээ хамгийн дөхөм орчуулагдсан гэж үздэг 9 орчуулга бий. Тэдний нэг нь Мессеж Библи юм. Грек болон Еврей хэлнээс орчин цагийн Англи хэл рүү хөрвүүлсэн цөөн хэдэн орчуулгын нэг болох Мессеж Библийг Бурханы бичигдсэн Үгийн цаана илэрч буй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг гээгдүүлэлгүй, үйл явдлыг илүү амьтай дүрслэн, “үг үгээр биш” харин “утга санааг нь буулгах” зорилготой орчуулагдсан гэж үздэг. Бидний нэрлэж заншсанаар “чимээгүй цагт” энэхүү Мессеж Библийг түгээмэл ашигладаг тул бид ч мөн энэхүү Библи Судлалын төсөлдөө уг орчуулгыг нэмэлт материал болгон ашиглахаар сонгосон юм.  Ингэхдээ уншихад хамгийн энгийн, ойлгомжтойд тооцогдог NIV Библийн орчуулгатай харьцуулан, ялгаатай орчуулагдсан ишлэлүүдийг хамтад нь бичиж, орууллаа. 

Мессеж Библийг ном тус бүрээр нь Монгол хэл рүү орчуулах зохиогчийн эрхийг Австралийн Nav Press бидэнд олгосон юм. Тиймээс та бүхэн орчуулсан номуудыг зөвхөн худалдааны биш зорилгоор ашиглаж, цааш дамжуулан, хэвлэн нийтлэхгүй байхыг хүсье.

Мессеж Библийн энэ орчуулга та бүхний Үг судлалыг илүү баялаг, амттай бас амьтай болгоно хэмээн найдаж байна. Эцэст нь бүх ойлголт, мэдлэг хийгээд Үгийн цэвэр амт зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас бидэнд нээгдэж, илчлэгдэх болтугай!

Монголын Ариун Бичээсийн Холбооноос орчуулан, гаргасан Ариун Библи нь Бичээсийн үнэн, зөв орчуулга мөн бөгөөд энэ блогт нийтлэгдэх Мессеж Библийн Монгол орчуулгыг зөвхөн нэмэлт судлал, материал болгон ашиглах болно.

Мессеж Библийг Англи хэл дээр унших

Даниел Ном

Вавилоны хаан Небухаднеззарын Иерусалимд халдсан анхны довтолгооны (Хаадын Дэд 2:24) дараа бичигдсэн Даниел номыг хоёр үндсэн хэсэгт хувааж үзэж болох юм. Эхний хэсэг буюу 1-6 дугаар бүлэгт Бурханаа хүндлэн, зөвхөн Түүнд үйлчлэхийн тулд өөрсдийг нь эзэгнэсэн, дэлхийн хамгийг сүрдэм, хүчирхэг хааны тушаалыг үл дагасан, Эзэн Бурханаасаа өөр хэнд ч, юунд ч мөргөхгүй байхаар шийдсэн 4 залуугийн түүх, тэдний эвлрэшгүй, бас аймшигггүй итгэлийн түүхүүдийг өгүүлнэ.

Үндэстнүүд, тэдний удирдагч нар хэдий хүчирхэгжин, сүр хүч, алдар суу, эрх мэдлийг оргилд хүрсэн ч тэдний сэргэн мандах, эсвэл уруудан доройтохыг шийддэг нь цор ганц Бурхан юм. Эцэст нь Түүний хаанчлал газрын бүх хүчирхэг хаанчлалуудыг давж, өнө мөнхөд оршдгийг Даниел номын эхний хагаст өгүүлдэг.

Хоёр дахь хэсэг буюу 7-12 дугаар бүлгүүд түүхийн туршид Бурхан хэрхэн хэмжээлшгүй эрх мэдлээрээ бүгдийг захиран засагладаг талаар болон Түүний айсуй мөнх хаанчлалыг илчлэн харуулсан Даниелын үзэгдлүүдээр үргэлжилнэ. Дэлхийн хүчтэнгүүд, эзэрхэг гүрнүүд бүгд Бурханы тушаалаар өргөмжлөгдөн, бас урууддаг. Түүний хаанчлал ирэхэд бусад нь бүгд зайгаа тавьж өгнө. Тэр хаанчлал л өнө мөнхөд орших бөгөөд тэр мөхөх ч үгүй, уруудах ч үгүй.

Даниел бол итгэлийн хурц, эвлрэшгүй, эрэмгий шинж чанарыг харуулахын зэрэгцээ ирэх Аврагч, газар дэлхийг эзлэн, мөнхөд засаглах Түүнийг хаанчлалыг урьдаас зөгнөн илчилсэн, эцсийн энэ цаг үед Өөрийн хүмүүстээ илчлэхээр Бурханы нууцалсан мэдлэг, ойлголтоор дүүрэн ном юм.

PDF Татаж Авах