Your word is a lamp to my feet and a light to my path
-

Даниел Ном. Библийн Хичээл
-

Илчлэлт. Библийн Хичээл
-

Матай Ном. Библийн Хичээл
-

Иохан Ном. Библийн Хичээл
-

Үйлс Ном. Библийн Хичээл
-

Ефес Ном. Библийн Хичээл
Эрх чөлөөний онол
Галатын чуулгануудад бичсэн Паулын захидлыг эрх чөлөөний онол гэлтэй. Гэхдээ улс төрийн, эвсэл хувь хүний биш. Христэд итгэсэн учраас, Бурханы Христийн амиар бидэнд худалдан авч өгсөн сүнсний эрх чөлөөний маргашгүй үнэнийг Паул энд мэдүүлжээ. Зөвхөн мэдүүлээд зогсохгүй, тэрхүү үнэнээс өчүүхэн төдий хазайх нь биднийг боолчлолын буулгад буцаагаад оруулдгийг Паул бидэнд ятгаж, сэнхрүүлж, зэмлэн байж энд тайлбарласан аж.
Гэвч юуны түрүүнд, Паулыг ийм хувийн шинжтэй (Галатчуудад бичсэн захидалдаа Паул Петртэй маргалдсан тухайгаа, хувийн аяллууд, бусад элч нартай ярьсан хувийн яриануудаа бичдэг), сэтгэл хөдлөлөөр дүүрэн захидал бичихэд хүргэсэн шалтгааныг ойлгоцгооё.
Паул, Барнаб нар анхны илгээлтээрээ, Сирийн Антиохоос (МЭ 48-49) гараад Кипрээр дайран, Газар Дундын Тэнгисийн зүүн хойд буланд орших, Ромын харьяа Галат аймгийн хэд хэдэн хотуудад, тухайлбал Писайдагийн Антиох, Икониум, Листра, болон Дербт сүмүүдийг тарьж, нутгийн итгэгчдийг ахлагчаар томилон үлдээгээд, буцдаг.
Антиохт буцсан хойноо Паул, Галатын чуулгануудын талаар итгэхийн аргагүй мэдээ хүлээн авчээ. Хэдэн Иудей итгэгчид Паулын тарьсан сүмүүд дээр очоод, “Харь Хүмүүс зөвхөн Христэд итгэснээрээ аврагдахгүй. Бурханы өвийг хүлээн авч, Абрахамын үр удамд тооцогдохын тулд та хөвч хөндүүлсэн байх ёстой. Түүнчлэн, Иудейн тэмдэглэлт өдрүүдийг сахих учиртай” хэмээн номлож эхэлжээ. Тэгээд зогсохгүй тэд, “Авралын Сайн Мэдээний талаарх илчлэлтийг Паул хэнээс хүлээн авсан нь тодорхойгүй. Түүний номлол Иерусалим дахь элч нараар баталгаажаагүй. Паул Христтэй хамт явсан дагалдагчдын нэг биш, арван хоёр элч ч түүнийг элч болгон томилоогүй, тэр өөрөө өөрийгөө томилсон тул сургаалд нь бүрэн итгэх хэрэггүй” хэмээн сүмийнх нь хүмүүсийг ухуулж байв. Энэ мэдээнд ихэд цочирдсон Паул энэхүү алдарт захидлаа (Паулын анхны захиа байх магадлалтай гэж үздэг) бичжээ.
Паулын илчлэлтээр хүлээн авсан сүнсний эрх чөлөөний онол
Паулын хэлснээр, энэ бүхэн Абрахамаас эхтэй. “Чиний үрээр дамжуулан би бүх ертөнцийг ерөөнө” гэсэн Бурханы амлалтыг Абрахам итгэлээрээ хүлээн авсан юм. Тэрхүү амлалт нь хуулиас ангид байв. Өөрөөр хэлбэл Бурхан, “чи хуулийг биелүүлсэн тохиолдолд Би чамд хүү өгч, чиний үрээр Би бүх үндэстнийг ерөөнө гэж амлаагүй.” Амлалт нь Бурханы нигүүлсэл, хайр энэрлээр Абрахамд өгөгдсөн бөгөөд Абрахам зөвхөн итгэлээрээ тэрхүү амлалтыг хүлээн авчээ. Тэгээд хожим, Бурханы амласан Хүү, бидний Эзэн Есүс Христээр дамжуулан, Бурхан Абрахамд өгсөн амлалтаа биелүүлж, Харь Хүмүүс бидэнд Авралыг соёрхсон аж.
Бид ч мөн Абрахамтай адил зөвхөн Хүүд итгэх итгэлээр л тэрхүү амлагдсан авралыг хүлээн авна. Хуулиар биш. Паул энэ захидалдаа Мосегийн хуулийг ярьж байгааг санаарай. Еврей эрэгтэй хүн бүр хөвч хөндүүлж, Иудейн тэмдэглэлт баяруудыг сахих нь Мосегоор дамжуулан Бурханы ард түмэндээ өгсөн хууль мөнөөс мөн. Бурхан Өөрөө энэ хуулийг өгсөн. Гэвч хуулийн зорилго нь аврах биш, харин Аврагч ирж, амлалт биелэх хүртэл Түүний хүмүүсийг хамгаалах зорилготой байж.
Тэгвэл, Иудейн хуулийг огт мэдэхгүй, хэзээ ч тэр хуулийн дор амьдарч үзээгүй, Харь Хүмүүс, тэр дундаа Монгол хүмүүс бидэнд Галат ном огтоос хамааралгүй болох уу? Хэн ч, хэзээ ч биднийг хөвч хөндүүлж, Иудейчүүдийн тэмдэглэлт өдрүүдийг сахихыг ятгаагүй шүү дээ! Тийм биш гэдгийг би доор тайлбарлая.
Паул захидалдаа хуулийг өөрөөр “энэ ертөнцийн зарчмууд” гэснийг та анхаарч уншаарай! Тэр нь юу гэвэл, хүн ёсны хуулиуд, ёс суртахууны хэм хэмжээ, дэг жаяг, сайн хүн байх гэх мэт энэ дэлхийн тогтоосон зарчмууд юм. Би жишээгээр тайлбарлах гээд үзье. Хулгай хийж болохгүй. Хүн бүр үүнийг мэднэ. Хэдийгээр энэ зарчим Мосегийн арван хуульд тусгагдсан байдаг ч, тэрхүү хуультай ямар ч хамаагүй Монгол хүмүүс бид ч хулгай хийх нь буруу, ёс бус гэдгийг мэддэг. Гэвч хүн хулгай хийгээгүй учраас аврагдаж, Бурханаас мөнх амийг хүлээн авахгүй. Тэгэх ямар ч боломжгүй юм. Зөвхөн Христэд итгэх итгэлээр л аврагдах боломжтой. Та бид хоёр энэ ертөнцийн хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайн хүн байгаад ч, мянга гэгээрэлд хүрсэн ч аврагдаж чадахгүй. Учир нь энэ ертөнцийн зарчим, хүний зөвт байдал хүнийг аврах чадалгүй.
Тиймээс бид аврагдахын тулд энэ бүх зарчмыг сахин биелүүлэхээс, өөрөөр хэлбэл хуулийг дагахаас чөлөөлөгдсөн аж. Яагаад? Учир нь бид Христэд итгэж, итгэлээр Бурханы амлалтуудыг, нигүүлслээр Түүний өгсөн авралыг хүлээн авсан билээ.
Гэвч хуулиас ангид амьдрах эрх чөлөө нь Паулын бичсэн эрх чөлөөний онолын зөвхөн нэг тал нь юм. Нөгөө тал нь бид Христэд итгэх итгэлээр авралыг хүлээн авсан учраас махан биеийн нүгэлт хүслүүддээ боолчлогдохоос чөлөөлөгдсөн аж. Би цаашид нүглийн боол биш. Харин одоо Сүнсний хүслийг үйлдэх эрх чөлөөтэй болсон.
Паулын эрх чөлөөний онолыг хураангуйлбал: Та бид, хуулийг сахиснаар аврагдахгүй учраас хуулиас чөлөөлөгдсөн. Түүнчлэн, хуулиас чөлөөлөгдсөн юм чинь гээд юу хүссэнээ хийж, махан биедээ боолчлогдохоос бас чөлөөлөгдсөн.
Христийн амиар худалдан авсан энэ сүнсний эрх чөлөө тэгвэл бидэнд юуг зөвшөөрдөг юм бэ? Сүнсээр удирдуулж амьдрахыг. Цаашид та биднийг хууль ч биш, махан биеийн нүгэлт хүслүүд ч биш, харин Бурханы Ариун Сүнс удирдахын тулд энэ эрх чөлөө бидэнд өгөгдсөн юм.
Энэ эрх чөлөөгөө бид юунд ашиглах вэ? Паулын бичсэнээр, “бие биеэ хайрла” гэсэн Христийн тушаалыг биелүүлэхэд ашиглая.
Галат Ном
Библийн хичээлээ Монголчуудын Библи Судлал подкаст сувгаар хүлээн авч сонсоорой.